21.07.2020

Ангалын ирмэг дээр

Энэтхэгт нийгмийн зөрчлүүд хурцдаж Азид Энэтхэг-Хятадын өрсөлдөөн хүчирхэгжиж, дээрээс нь корона нэмэгдээд Энэтхэг орон бүхэлдээ хямарч засгийн газар нь тэвдэж байна.

  • Photo: www.pixabay.com, Pexels

Барууны хэвлэл, мэдээллүүд Коронагийн хямрал, АНУ-Хятадын маргаан зэрэг дэлхий дахины хөгжлийн сүүдэрт Энэтхэгийн хөгжилд огт ач холбогдол өгөхгүй байна гэж хэлэхэд ч хилсдэхээргүй анхаарал тун бага хандуулж байна. Энэтхэгийн нийгэм олон төрлийн хямралд нэгэн зэрэг өртөх аюул тулгараад байхад шүү. Хямралын зарим нь бүтцийн хоцрогдлоос, зарим нь дэлхий дахины хөгжлийн хандлагаас улбаатай, зарим нь засгийн газраас явуулж буй дотоод бодлогын нөлөөгөөр гүнзгийрч байна.

Өдгөө Энэтхэгт коронавирусийн халдвар авагсдын тоо асар хурдацтай нэмэгдэж байна. Өдөр бүр 8000 гаруй хүн шинээр халдвар авсан нь батлагдаж байна. Байнгын хөгжлийн хоцрогдолтой явдаг эрүүл мэндийн систем нь хангалттай тооны тестээр шинжилгээ авах болон өвчтэй хүмүүсийг бүрэн эмчилж эдгээх чадваргүй учраас халдвар авагсдын бодит тоог хэн ч хэлж мэдэхгүй. Ковид-19 бол олон төрлийн хямралуудаас хамгийн сүүлийн үеийн шинэ хямрал бөгөөд Модигийн засгийн газраас алаг цоог арга хэмжээ авч байна. Моди 6 жилийн өмнө Ерөнхий сайдаар сонгогдсоноосоо хойш ялангуяа 2019 онд дахин сонгогдсоноосоо хойш хэлдэг биш хийдэг удирдагч, шинэчлэгч, хямралын менежер гэдгээрээ ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөөд байна.

Том хотуудад хэдэн саяараа уснаас нь гаргасан загас шиг болсон, хийсэн ажлынхаа хөлсийг өдөрт нь авч өдрийн хоолоо залгуулдаг ажилчид гэрээсээ гарах боломжгүй хорионд орсны улмаас ганцхан өдрийн дотор орлогоо алдаж идэх хоолгүй болсон нь тус улсын эдийн засгийн систем ангалын ирмэг дээр ирээд байгааг харуулж байна. Ажилгүйчүүдийн сүргийн тоо огцом нэмэгдэж байхад засгийн газар нь тэдний төрөлх тосгон, төрсөн гэртээ буцах аяллыг ч зохион байгуулж чадахгүй суусаар. Гар хоосон, өдрийнхөө хөлсийг өдөрт нь авч бор хоногоо аргацаадаг ажилчид автобус, галт тэрэгний буудал дээр коронавирусийн халдварын улмаас тавигдаж буй эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж хоорондын зай баримтлах ямар ч боломжгүй нөхцөлд шахцалдан чихцэлдэж тэсэж тэвчин хүлээсээр арга нь барагдаж гэр лүүгээ явган алхсаар буцаж байна. Зарим нь бүр 1000 километр замыг явган туулж байна. Коронагийн цар тахлаас өмнө байнгын өлсгөлөнд нэрвэгдэгдээд байсан ядуус дээр маргаашийн бор хоногийг яаж аргацаахаа мэдэхгүй байгаа олон сая өлсгөлөн хүмүүс нэмэгдлээ. Коронагийн гэрийн хорио эхлэхээс өмнө Энэтхэгийн эдийн засгийнхямрал эхэлчихсэн байсан. 1990-ээд оны эхээр эдийн засгийг либералчилж эхэлснээс хойш Энэтхэгийн эдийн засгийнөсөлт жил тутамд 6-8% байгаа нь Европын жишгээр бол асар өндөрт тооцогдох үзүүлэлт ч гэлээ жил бүр хөдөлмөрийн зах зээл дээр шинээр гарч ирж буй 12 сая залуусыг шингээж дийлэхгүй байна. Нарендра Моди хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ гэдэг амлалтыг өгсөн юм. "Энэтхэгт үйлдвэрлэв", "Дижитал Энэтхэг", "Ухаалаг хотууд", "Цэвэр ганга мөрөн" зэрэг аварга том төслүүд нь Энэтхэгийг орчин үеийн аж үйлдвэржсэн орнуудын клубд оруулах ёстой байсан юм. Сөрөг хүчин Моди ба засгийн эрхийг баригч Бхаритияа Жаната намын эдийн засгийн бодлогыг халуун агаар шиг дэгдэмхий, хөөс шиг наалдацгүй бодлого гэж нэрлээд байгаа юм. Өнөөгийн коронагийн хямрал Энэтхэгийн эдийн засаг хямралд маш өртөмтгий, эмзэг юм гэдгийг харуулж байна.

Сөрөг хүчин нь Моди ба засгийнэрхийг баригч Бхаратияа Жаната намын эдийн засгийн бодлогыг халуун агаар шиг дэгдэмхий, хөөс шиг наалдацгүй бодлого гэж нэрлээд байна.

Энэтхэгийн нийгмийн хамгааллын системд бага орлоготой хүмүүсийн хамгаалал сул дээрээс нь эрх баригч намын эдийн засгийн бодлого нь халуун агаар шиг дэгдэмхий, хөөс шиг наалдацгүй тул ядууст хамгийн хүндээр тусаж байгаа юм. Нийгэмд байгаа баян хоосны хэт их ялгаа зөвхөн хямралтай хөгжлийн нөлөөгөөр төдийгүй бүтцийн хоцрогдлын улмаас улам бүр гүнзгийрч байна. Энэтхэгийн үндсэн хуулиар кастен буюу анги давхаргат нийгмийг халсан ч анги, давхаргууд нь Энэтхэгийн нийгмийн үндсэн шинжийг илэрхийлдэг бөгөөд нийгмийг баячууд ба ядуус буюу дээдэс, доодсын давхаргад тов тодорхой хуваадаг. Моди, түүний Бхаратияа Жаната нам хинди-үндсэрхэг, заримдаа үндэсний дээрэнгүй үзэлд нийцсэн бодлогыг хэрэгжүүлдэг. Хиндутва буюу хиндичүүдийг хүн амын бусад бүлгээс илүүд үздэг үзэл суртал нь Энэтхэгийн онцлог ба Энэтхэг бол дэлхийн том гүрэн гэдгийг онцолдог. Энэ нь Ганди, Неру нарын дэлхийн гүрэн Энэтхэгийн идеалист хувилбарын эсрэг стратеги юм. Өнөөгийн засгийн газрын мөрөөдөл нь Хиндийн-хомоген буюу үндэстний ялгаварлалгүй нийлмэл нийгмийг байгуул ах юм. Өнөөгийн даяаршсан дэлхий дээр Энэтхэгийг хүчирхэг, их гүрэн гэдгээр нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж, их гүрнүүдийн концертод стратегийн нэгэн тоглогч байлгахын тулд засгийн газар үзэл сурталдаа үнэнч байж Энэтхэгийг эдийн засаг ба батлан хамгаалахын хувьд хүчирхэгжүүлэхийг хүсдэг.

2019 оны 12-р сард засгийнгазраас Афганистан, Бангладеш, Пакистанаас ирсэн дүрвэгсдэд зориулан төрт улсын иргэний тухай хуулийг батлуулсан. Тодорхой хэлбэл 2014 оноос хойш Энэтхэгт орж ирсэн хинди, христ, буддын шашинтнуудад Энэтхэгийн иргэншил олгох, харин дүрвэгсдийн олонх болох лалын шашинтнуудад иргэншил олгохгүй байхад чиглэгдсэн хууль юм. Уг хууль батлагдсаны дараагаар Энэтхэгийн олон хотуудад эсэргүүцлийн жагсаал, хүч хэрэглэсэн маргаан тэмцэл өрнөсөн юм. Үүгээр шашны зөрчилдөөн, лалын шашинтнуудыг улс орны алслагдмал хязгаар луу түрсэн, хинди шашинтнуудад давуу эрх олгосноос үүдэлтэй нийгмийн хагарал ил гарч ирсэн юм.

2019 оны 8-р сард Кашмирын асуудлаар дээрхтэй төстэй эрс хатуу шийдвэр гаргаж цэрэг оруулсан юм. Английн колоничлолын төгсгөл үед 1947 онд Энэтхэг харьцангуй бие даасан томоохон мужуудад хуваагдан задарсан цагаас хойш Энэтхэг, Пакистаны хоорондох Кашмир маргаантай бүс хэвээр байсаар байна. Шинэ Делигээс Энэтхэгийн үндсэн хуулиас маш чухал ач холбогдолтой 370-р зүйлийг хасах тухай журам баталж, уг журмыг нэн даруй хэрэгжүүлснээр "Жамми-Кашмир"-ын бүс нутгийн онцгой статусыг цуцалж хүн амын дийлэнх нь лалын шашинтай холбооны улсын автономит эрхийг ч мөн цуцалж орхисон юм. Ингэснээр Жамми ба Кашмирыг Делигийн захиргаанд байдаг хоёр тусгаар газар нутаг болгон хуваасан юм. Коронагийн хорио эхлэхээс бүр өмнө өргөн хүрээнд хөдөлгөөний хязгаарлалт хийх, хэвлэлд цензур тавих, интернетийн сүлжээг салгах, утсан холбоог үе үе тодорхой хугацаанд хаах, сөрөг хүчний мянга мянган улс төрчид, сэтгүүлчдийг баривчлах замаар засгийнгазар "өнөөгийн нөхцөлд аюулгүй байдлыг" хангах шаардлагын дагуу гэдэг нэрийн дор факт бүрдүүлж, маргаантай байгаа бүс нутгуудад төв засгийн газрын тусын тулд амаргүй ч гэсэн баланс бариулж тэнцвэр тогтоохын тулд өөрчлөн зохион байгуулалт хийхийг оролдсон юм. Төрт улсын иргэний тухай хууль батлагдсаны дараах үетэй төстэй нөхцөл байдал үүсэж эсэргүүцлийн жагсаал, хүч хэрэглэсэн үймээн самуун дэгдэж дахиад л армиар хүч нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрсэн юм.

Европ болон АНУ-д Хятадын дэлхий дахинд нөлөөгөө нэмэгдүүлэх бодлогыг шүүмжилж, АНУ хориг арга хэмжээ авч байхад Энэтхэг улс, Хятадын амбицийг шууд заналхийлэл хэмээн үзэж байна.

Энэтхэгийн гадаад болон аюулгүй байдлын бодлогод хөрш Пакистан улстай хурцадмал харилцаатай төдийгүй олон удаа дайн тулаанд хүрсэн нь ачаалал үүсгэдэг. Мөн Хятадтай харилцах харилцаа нь худалдааны хамтын ажиллагаанд зарим нэг ололт гарсныг эс тооцвол өрсөлдөөн ба шийдэгдээгүй зөрчилдөөнөөр илэрхийлэгддэг. АНУ ба Хятадын дэлхий дахины ба геополитикийн маргааны сүүдэрт Энэтхэгийн далайд Ази тивийн хоёр их гүрэн болох Энэтхэг ба Хятадын хооронд тэнгисийн армийн зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөн явагдаж байна. Сүүлийн үед Энэтхэг-Хятадын тэнгисийн хил дээр болсон цэргийн хүчний бөөгнөрөл нь будлиан үүсгэхдээ тулав. Английн колоничлол төгсгөл болсноос хойш Гималайн бүс нутгийн зарим нутаг дэвсгэр маргаантай хэвээр байна. Хятад-Энэтхэгийн хооронд 1962 оны дайн шиг дайн дахин дэгдэх аюулыг өнөөг хүртэл дипломат арга хэрэгслээр зайлуулсаар ирлээ. Хэрвээ хоёр гүрний засгийнгазрууд цаашид зарим талаар дотоод бодлогын шалтгаанаар өрсөлдөгчид мэт аашилсаар байвал дахин буун дуу гарах аюул үгүй гэх газаргүй юм. Хятад улс "Торгоны шинэ зам" төслөө асар их хүч хөрөнгөөр урагшлуулж байгаа нь Шинэ Делид эргэлзээ төрүүлээд байна. Европ ба АНУ-д Хятадын дэлхийн гүрэн байх гэсэн амбиц буюу зорилгод шүүмжлэлтэй хандаж, АНУ хориг арга хэмжээ авч байхад Энэтхэг, Хятадын дэлхий дахинд нөлөөгөө нэмэгдүүлэхийн төлөө явуулж буй бодлогыг шууд заналхийлэл хэмээн үзэж байна. Энэтхэг улс өөрийн газар нутаг гэж үзсээр байгаа Пакистаны газар нутаг дээгүүр дамжин өнгөрч буй эдийн засгийн коридор авто зам, төмөр зам, усан боомтын дэд бүтцийн аварга төслүүд Энэтхэгт аюулгүй байдлын айдас төрүүлээд байгаа юм.

Коронагийн хямралд Энэтхэг хүндээр өртөж байгаа ч хямрал дээд цэгтээ хүрэх нь болоогүй байна. Энэтхэг эрт орой хэзээ нэгэн цагт вирусийг ялдаг юм гэхэд дараа нь ёроолдоо хүртэл хямарсан, хуваагдсан нийгэм үлдэнэ. Энэтхэгийг эдийн засгийнхүчирхэг гүрэн болгох, улс төрийн амбицийг биелүүлэх зорилтыг нь ярихаа байчихъя гэхэд хиндичүүдийг бусдаас дээгүүр тавьдаг бодлоготой өнөөгийн Засгийнгазрыг энэтхэгчүүдийг эвлэрүүлэн найрамдуулж, нэгтгэсэн бодлого явуулна гэхэд итгэхэд бэрх харагдаад байна. Дахин давтан сонсогдоод байгаа гутрангуй таамаглалын эсрэг Энэтхэгийн холбооны нэгдлийг сүүлийн долоон аравны турш Энэтхэгийг дэлхийн гүрэн болгох бодлого, тоглоомын ардчилсан дүрмүүд, хэвлэлийн эрх чөлөө, хараат бус шүүхээр зангидсаар ирлээ. Өнөөгийн бодлогоор Энэтхэгийн холбооны нэгдлийг ирээдүйд хангаж чадах уу? гэдэг асуултын хариулт л сэтгэл зовоож байгаа юм.

Проф. Доктор Херберт Вулф нь Бонн хот дахь International Center for Conversion-д ахлах ажилтан, Дуйсбург/ Эссений их сургуулийн Хөгжил ба энх тайвны хүрээлэнгийн ахлах судлаач хийдэг нэгэн.

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн. 

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.

Фридрих-Эбертийн-Сан
Монгол дахь

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info(at)fes-mongolia.org


эхлэл хэсэгт буцах